Сэдэв
2024.12.15

МОНГОЛ УЛС ба ДЭЛХИЙ: Ес дэх удаагийн УИХ-ын сонгуулийн дараа

Ес дэх удаагийн УИХ-ын сонгуулийн санал хураах өдөр ойртож байна. Монголчууд биднийг санал хураалтын дараа ямар дэлхий, ямар цаг үе угтаж байна вэ? Монгол Улс маргаашийн дэлхийд хэн болон оршиж, ямар үүрэг рольтой оролцох вэ? Доорх тэмдэглэлийг энэ мэтийг бодож тунгааж саналаа өгөхөд тань зориулав.

Нэгд, өргөтгөсөн шинэ парламентыг олон улсын улстөрийн тогтворгүй байдал угтан авах нь хэн хүнд илт асуудал боллоо. Монгол Улсын тусгаар тогтнол дэлхийн хоёрдугаар дайны дараах олон улсын дэг журмаар баталгааждаг. Энэ дэг журамд 2022 оноос хойш хоёр том сорилт тулгарав. Нэг нь Орос-Украйны дайн. Нөгөө нь Газын зурвас дахь араб, жүүдийн дайн. Аль алиныг нь дэлхий өнөөг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж буй олон улсын дайны хууль болон бусад хэм хэмжээгээр зохицуулж чадалгүй өнөөдөртэй золгоод байна. Том дайн дуусахад томчууд дундаа харилцааны дүрмээ шинэчлэн бичдэг. Дайны төгсгөл ойртох тусам Орос, Хятад болон Энэтхэг, Турк зэрэг амбицтай тоглогчид дэлхийн шинэ дүрэм шаардах, АНУ болон Европын холбоотнууд уламжлалт дүрмээ хамгаалах байрлалд ороод буй. Дүрэм шинэчлэх процесс нэгд цэрэг армийн, хоёрт кибер мэдээллийн дайны, гуравт соёл, үзэл суртлын бүх фронтоор өрнөсөөр байна. Энэ мэтчлэн олон улсын харилцааны зөрчил ширүүссэнээр ОХУ, БНХАУ, барууны гурван талын эрх ашиг уулздаг оронзай болохын хувьд Монгол Улс улам бүр зөрчилт байр сууринд шахагдах магадлалыг нэмэгдүүлнэ. Үүнээс үүдэн тухайлбал ШХАБ-ын гишүүнчлэлийн статусыг жинхлэх шахалт нэмэгдэнэ. Шахалт болон магадлал нэмэгдэхийн хэрээр барууны манай дотоод улстөр дэх оролцоо нэмэгдэж, өнгөрсөн 34 жилийн түүхэнд хэрэглэж байгаагүй арга хэрэгслүүдийг сонгон хэрэгжүүлэх эрсдэл бодитоор бий болно.

  • Хоёрт, гурван талын зөрчил улстөрийн үзэл суртлын орчинд өрнөхийн зэрэгцээ эдийн засаг буюу уул уурхайн салбарт мөн ширүүсэх магадлалтай.
  • Геополитикт хүчний шилжилт, хуваарилалтыг өдөөж буй нэг хүчин зүйл эрчим хүчний салбарт өрнөж байна.
  • Дэлхийн хэрэглээ шатахуунт хөдөлгүүрээс цахилгаан машин руу шилжихийн хэрээр газрын тос, нүүрснээс илүү зэс, ховор металл тойрсон өрсөлдөөн ширүүсэх төлөвтэй.

Зэсээс болж дайн гарч ч магадгүй гэж Голдман Саксын судалгаанд дурджээ. Монгол Улсын хувьд Тавантолгойн нүүрсний экспорт Хятадын хэрэглээнээс хамааралтай, зэсийн хоёр том ордын нэг нь төрийн мэдэлд, нэг нь Рио Тинто групп 66 хувийг эзэмшсэн байдалтай дэлхийн зэсийн циклийг угтаж байна. Энэ гурван төсөл гурвуулаа дэлхийн улстөрийн оронзайд зөрчилдөж буй том тоглогчдоос хамааралтай, түүнчлэн дотоодын нийт бүтээгдэхүүн бүхэлдээ энэ гурван төслөөс хэт хамааралтай байгаа нь Монголын эдийн засгийг эдийн засгийн гэхээсээ улстөрийн эдийн засаг, геополитикын шинжтэй эмзэг бүтэцтэй болгодог. Эрх барих Монгол Ардын Нам, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд энэ бүтцэд ямар нэг суурь реформ хийж чадалгүй энэ сонгуулийг угтав.

  1. Гуравт, дээр дурдсан хоёр үндсэн салбар дахь зөрчил эхний ээлжинд манай нийгмийн орон зайд мэдээлэл, үзэл суртал, соёлын капиталаар илэрч зөрчилддөг.
  2. Зөрчлийг үзэл суртлын агентууд, намууд доторх жигүүрүүд, тархи угаагчид, мэдээлэгчид зэрэг үндсэндээ бол Монгол Улсын үндэсний эрх ашгаас урвасан гар хөлүүд төлөөлөн хэрэгжүүлнэ.
  3. Жирийн иргэдийн хувьд ч эдгээр агентуудад угаагдах, дагаж балиашиглах, итгэл үнэмшлээр хагаралдах, хуваагдах процесс үргэлжилсээр байна.
Ийм хагарал шинэ асуудал биш боловч Орос-Украйны дайнаас хойш Украйны далбаагаар халхавчилсан гудамжны улстөр идэвхжих, Ц.Элбэгдорж болон Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга нарын дундын зөрчил хурцдах, дэлхийн нийтийн нүдэн дээр гутамшигтай гудамжны хэрүүл хийх, Х богдын ар гэрийн бизнест халдах зэргээр хэм хэмжээгээ алдах шинжтэй болж байгаа нь манай дотоод улстөр, олон нийтийн оронзайд өрнөсөөр ирсэн геополитикын зөрчил ил гарах, хурцдах үйл явц өрнөж байна гэж үзэх үндэстэй.

Тэгээд ийм нүргээнтэй, хөдөлгөөнтэй, тогтворгүй дэлхийд Монголын сонгогч бид яах вэ гэдэг асуулт. Юугаар баримжаалж, ямар үнэт зүйлээр, итгэл үнэмшлээр хэнийг дэмжиж саналаа өгөх вэ?

Нэн түрүүнд ардчилал, эрх чөлөөний сонголт тогтвортой байдлын баталгаа болж өгнө. Ардчиллын индекс бөмбөрцөг даяар унасаар буй нөхцөлд нэг талаас Монголыг ардчилсан бус, хаалттай дэглэмд оруулах, нөгөө талаас зүүн хойд Ази дахь ‘ардчиллын арал’ хэвээр үлдээх сонирхлоос болж талуудын эрх ашиг зөрчилддөг. Лежитим буюу зүй ёсны сонгуулиар ард түмний сонголтоор баталгаажсан ардчиллын хүлээн зөвшөөрөгдөх шинж дээрх хоёр оролцооны аль алиных нь боломжийг хязгаарлах болно.

Хоёрт, ардчилсан сонголт хийхийн зэрэгцээ ардчилал хэмээх ард түмний хүсэл зоргыг гудамжны улстөр, геополитикийн сэдэв болгож хөөсрүүлдэг, улстөрийн бараа бүтээгдэхүүн болгодог, улмаар Монгол Улсын гадаад бодлогоос өөрсдөдөө улстөрийн завшаан эрэлхийлдэг бүхий л экстрим нам, хөдөлгөөн, улстөрч, тэмцэгчдийг сонголтоосоо хасахад уриалж байна. Жишээ нь no war хөдөлгөөний Ц.Уянга, Д.Монголхүү нар, Слава Украйн хөдөлгөөний Б.Цацрал зэрэг ийм дүрүүд ардчиллыг дээр дурдсанчлан ард түмний дотоод хүсэл, сонголт биш, гаднаас өдөөн хатгасан, найруулсан үзэгдэл болгож хувиргадгаараа жинхэнэ ардчиллын дайснууд, тогтворгүй байдлын үр хөврөлүүд юм. Дахин давтахад эрх чөлөө нь гаднаас өдөөсөн өгөгдөл биш монголчуудын өөрсдийн сонголт юм гэдгийг батлан харуулах нь манай үндэсний эрх ашиг, тогтвортой байдлын баталгаа болно.

Гуравт, эдийн засгийн бодлогын хувьд “нээлттэй”, “чөлөөтэй” араа руу солих цаг боллоо. Монголчууд уг нь 1990 онд энэ сонголтоо хийсэн. Замын дунд гажуудал үүсэж, клептократ, крони капиталист хэлбэрт орсноор ард түмний дунд 30 гэр бүл, бүлэглэл, олигархууд гэхчлэн нэрлэгдэх болсон. Эрх барих нам, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдгээр бүлэглэлээс Эрдэнэт үйлдвэр, улсын орд, өмчийг эргүүлж авахад амжилт олсон хэр нь дэлхийн практик зарчмаар нь реформ хийх биш, төрийн төсөв, тусгай санд төвлөрүүлэх социалист халамжийн загварыг сонгож авсан. Төрд дэлхийн хамгийн эрэлттэй металл, түүний орлого төвлөрөх тусам дотоодод авлига нэмэгдэж, бизнесийн орчин муудахаас гадна 2009 онд хийгдсэн Оюу Толгойн гэрээ шиг гаднаас ирэх шахалт, дарамтад эмзэг болж ирнэ. Аливаа систем нээлттэй, либерал, олон нийтийн оролцоог хангасан байх нь өөрөө хамгаалалт юм.

Дөрөвт, аливаа геополитикын зөрчил, эрх ашгийн мөргөлдөөний гол багаж мэдээллийн манипюляц, үзэл суртал, тархи угаалт байдаг. Тэр утгаараа нэн тэргүүнд энэ сонгуулиар монголчууд бидний хувьд үнэнээ хүлээн зөвшөөрсөн сонголт хийх чухал байна. Үнэнийг сонгох хэрэгтэй. Үнэн гэдэг үзэгдэх биегүй. Гэхдээ Монголд өнөөдөр юу үнэн болохыг, юуг үзэх, юу сонсох, хэнийг шүтэхийг нэг нам, нэг Засгийн газар, нэг Ерөнхий сайд дангаар өмчлөх, соёл, спорт, урлагийн толгойтой болгоныг талдаа татаж яриулах, асар их хүч хөрөнгөөр олон суваг эзэгнэн үзэл суртал цацах зэрэг гажуудал хавтгайрах боллоо. Монгол Улс бүхэлдээ пиарын шоу, худал хуурмагийн их тайз болж хувирлаа. Энэ бүхэн цаанаа асар их хор уршиг дагуулна. Олон нийтийн олон талт мэдээлэл хүлээн авах, шүүн тунгаах, эрүүл саруул дүгнэлт хийх чадвар унаж, унахын хэрээр мэдээллийн манипюляцид дархлаагүй болно. Мэдээлэл өмчлөгдөх тусам монголчуудын сэтгэлгээ дэлхийгээс алсарч, үндсэндээ хүн төрөлхтний үнэн бодит оюун санаанаас таслагдах болов. Тиймд үнэнийг өмчилсөн тархи угаалтаас давж бодит амьдрал, үнэн мөнийг өнгөт линзгүй нүдээр харж сонголт хийх үүрэг хариуцлага бидэнд ногдсон сонгууль болж байна. Хэн мэдээллийн урсгалыг хамгийн их хянаж өмчилж байна, түүнийг эсрэг санал өг гэсэн үг.


Сэтгэгдэл

Нийт 3 сэтгэгдэл
0 тэмдэгт Та 50-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.
Latest user 2024.12.15 - 19:56

"Тамгагүй төр"-ийг эхний тавьснар нь үзэх, шинэчлэн хялбаршуулснаар нь үзэх 2-ын хооронд асар их ялгаа байна лэ. Ямар азаар эхний тавьснаар нь үзсэн байсан юм бэ гэж бодсон. Харин гадаад орчуулгыг ёстой янзтай хийсэн бна лэ. Ж нь: орос орчуулга бол гайхалтай

Some random dude 2024.12.15 - 19:56

Зохиолыг нь уншиж үзээгүй би өчигдөр их өндөр хүлээлттэй үзсэн чинь яг л ингэж санагдсан. Тухайн үедээ л өнгөрсөн зохиол шиг. Юм мэдэхгүй надад юмыг уншиж, үзэж байж дараа нь ойлгодог болох туршлага суух учраас цаг гаргаад хэрэгтэй хэрэггүй юм үзэж уншаад явж л байвал зүгээр санагддагдаа.

first commenter 2024.12.15 - 19:56

Хятадууд болон солонгосууд мөнгөөр зодож кино болон бусад сувгаар соёлын довтолгоо хийгээд удаж бна

Хайлт
Нэвтрэх


эсвэл
Бүртгүүлэх

By signing, you accept Trends.mn’s and , and agree to receive occasional emails about campaigns on Trends.mn. You can unsubscribe at any time.

эсвэл
Баталгаажуулах

Таны бүртгүүлсэн имэйл хаягруу баталгаажуулах 6 оронтой код илгээлээ. Тухайн кодыг доор оруулах имэйл хаягаа баталгаажуулна уу.
01:48 Дахин код илгээх хугацаа
Нууц үг үүсгэх

8-аас олон тэмдэгттэй, үсэг, тоо орсон нууц үг үүсгэнэ үү.
Нууц үг сэргээх